Mobile version coming soon
Бизнесийн загвар

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь Үнэт цаасжуулах үйл ажиллагаа болон Хөрвөх чадвар бий болгох бизнесийн үйл ажиллагааны үндсэн хоёр загвартай.

Үнэт цаасжуулах үйл ажиллагааны загвар:
Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн үйл ажиллагааны дагуу олгосон ипотекийн зээлийг буцаах нөхцөлгүйгээр багцлан худалдан авч тусгай зориулалтын компаниар дамжуулан ипотекийн зээлээр баталгаажсан бондыг гаргах үйл ажиллагаа юм. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас тогтмол хүүтэй бөгөөд үнэт цаас нь Давуу эрхтэй (арилжсан бондын үнийн дүнгийн 90%) болон энгийн (арилжсан бондын үнийн дүнгийн 10%) бондоос бүрддэг.

Хөрвөх чадвар бий болгох үйл ажиллагаа:
Арилжааны банкнуудаас зах зээлийн хүүтэй ипотекийн зээлийг буцаах нөхцөлтэйгөөр худалдан авч компанийн баланс дээр шилжүүлэх үйл ажиллагаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь арилжааны банкнуудын хөрвөх чадварыг сайжруулах шинээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгох ач холбогдолтой. Компани нь өөрийн болон Германы сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон бодлогын зээлийн эх үүсвэрийг ашиглан ипотекийн зээлүүдийг буцаах нөхцөлтэйгөөр худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үнэт цаасжуулах

Банк, санхүүгийн байгууллагуудын  тайлан тэнцэл дэх урт хугацаатай ипотекийн зээл, бусад санхүүгийн авлагуудыг, түүнээс бий болох мөнгөн урсгалыг нэгтгэж хөрөнгө оруулагчдад чиглүүлэн  үнэт цаас гаргах замаар шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээс татахыг үнэт цаасжуулах гэдэг.

Бид Монгол улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд урт хугацаат ипотекийн зээлийг санхүүгийн хэрэгсэлд шилжүүлэх замаар зээл олгогч банкнуудын хөрвөх чадварыг сайжруулах, улмаар орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль”-ийн  дагуу МИК нь Тусгай зориулалттай компаниудыг (ТЗК) үүсгэн байгуулж, холбогдох тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авснаар Ипотекийн Зээлээр баталгаажсан үнэт цаас (ИЗББ)-г хөрөнгийн зах зээлд арилжих эрхтэй болдог.

Монгол Улсын Засгийн газар болон Монголбанк нар хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-ны хүрээнд МИК нь 25 удаагийн хэлцлийг амжилттай гүйцэтгэж 4.4 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг ИЗББ-оор арилжаалаад байна.

Хөрвөх чадвар бий болгох

МИК нь орон сууцны зээл олгогч банкнуудын хөрвөх чадварыг сайжруулах, банкнуудаар дамжуулан иргэдэд орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны зээлийн хөрөнгийг багцлан зээлийн багцын үнийн дүнгээр багцлан худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Бид өөрийн эх үүсвэр, Германы сэргээн босголт зээлийн банк (KWF)-ны болон олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр орон сууцны санхүүжилтийг дэмжих төслийн хүрээнд арилжааны 11 банк болон 6 ББСБ-аас нийт 111 удаагийн буцаах нөхцөлтэй буюу зээлийн эрсдэлийг зээл олгогч хариуцах нөхцөлтэй (PWR) 1.14 их наяд төгрөгийн дүн бүхий хэлцлийг хийгээд байна.

Буцаах нөхцөлтэй худалдан авсан зээлийн хөрөнгийн багц дахь зээлийн эргэн төлөлт нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн 90-ээс дээш хоног хугацаа хэтэрч чанаргүй зээлийн ангилалд орсон тохиолдолд тухайн зээлийг худалдагч талд буцаан худалдан авах эсхүл ойролцоо дүнтэй, ижил нөхцөлтэй шалгуур хангасан зээлийн хөрөнгөөр солих үүрэг хүлээдэг. Ингэснээс тухайн зээлийн хөрөнгийн багц дахь зээлийн эрсдэлийг зээл олгогч бүрэн хариуцдаг тул худалдан авагч буюу МИК-ийг эрсдэлээс тусгаарладаг зохицуулалттай.

Германы сэргээн босголт зээлийн банк (KFW)-ны эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төсөл:

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхүүлэн дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээр 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдөр УИХ-аар соёрхон батлагдсан. Зээлийн хэлэлцээрт тохиролцсоны дагуу “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д 4.8 сая еврог Монгол Улсын Сангийн яамаар дамжуулан зээлдүүлсэн бөгөөд бид энэхүү төслийн санхүүжилтийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сангийн яаманд эргүүлэн төлөөд байна.

Энэхүү төсөл нь Монголын ипотекийн барьцаат зээлийн системийг дэмжих, санхүүгийн системийг өргөжүүлэн хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтэд хувь нэмэр оруулах зорилготой ба арилжааны банкнуудаас 70 хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй, 10 хүртэл жилийн хугацаатай олгогдсон, 3-6 сар насажсан зээлийг багцлан худалдан авснаар тус арилжааны банкнуудын орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, улмаар Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийг хангахад чиглэж байна. Зээл хүртэгчид нь бага орлоготой гэр хорооллын өрхүүд байх бөгөөд тэдэнд чиглэсэн зээлийн  шалгуурын доод түвшинг тогтоож, аль болох олон санхүүгийн зуучлагч санхүүгийн байгууллагуудыг хамруулах зорилготой.

Төслийн хүрээнд анхны зээлийн хөрөнгийн багцыг 2011 онд худалдаж авснаас хойш эх үүсвэрийг эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд нийт 27.5 тэрбум төгрөгт хамаарах 42 удаагийн хэлцлийг хийж гүйцэтгэж, зээл олгогч банкнуудыг урт хугацаат эх үүсвэрээр хангасан байна.

МИК-ийн дотоод эх үүсвэрээр банкуудаас зээлийн хөрөнгийн багц худалдан авах үйл ажиллагаа:

МИК өөрийн сул чөлөөтэй эх үүсвэрээр зээл олгогч банкнуудад урт хугацаатай, бага зардалтай эх үүсвэр олгох үйл ажиллагааг үйл ажиллагааны үндсэн чиглэл болгон ажиллаж ирлээ.

2009 онд 0.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн хөрөнгийн багцыг буцаах нөхцөлтэйгөөр зээлийн хөрөнгийн багцыг худалдан авах хэлцлийг гүйцэтгэснээс хойш нийт 30 удаагийн 58.2 тэрбум төгрөгийн хэлцлийг гүйцэтгээд байна. Ингэснээр бид үүнтэй тэнцэхүйц хэмжээний зээлийн эх үүсвэрийг банкнуудад олгон орон сууцны зээлийн хүртээмжийг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.

Олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр зээлийн хөрөнгийн багц худалдан авах үйл ажиллагаа:

МИК нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2019 онд 300 сая ам.долларын Өэлүн бонд, 2021 онд 250 сая ам.долларын Бөртэ бондыг тус тус амжилттай арилжсан.

Бид 2021 оны 3 дугаар улирлын байдлаар тус эх үүсвэрээр 7 банк, 5 банк бус санхүүгийн байгууллагатай 39 удаагийн хэлцэл хийж 1.05 их наяд төгрөгийн багцыг худалдан авч, банк, санхүүгийн байгууллагын хөрвөх чадварыг дэмжсэн байна.