Mobile version coming soon
ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 3000 ОРЧИМ ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДЖЭЭ
Буцах
2019 оны 06 сарын 28 өдөр

2019 оны хагас жилийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 210 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр 3000 орчим иргэнд ипотекийн зээл олгосон тухай Монголбанкнаас мэдээллээ.

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 95 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож, 1294 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол банкууд өөрийн эх үүсвэрээр 60 тэрбум төгрөгийн зээлийг 761 иргэнд олгосон байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас иргэдэд олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг баталсан бөгөөд уг ажлын хүрээнд 2019 оны хагас жилийн байдлаар Засгийн газрын эх үүсвэрээр 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож 882 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 18 удаагийн хэлцлээр 3.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргасан бөгөөд уг бондын эргэн төлөлтөөр Монголбанк хөтөлбөрийн хүрээнд олгож буй ипотекийн зээлийг санхүүжилтийг нэмэгдүүлж байна.

                                                                                                                                                  Эх сурвалж: Монголбанк