Mobile version coming soon
Х. Маргад-Эрдэнэ: Орон сууцаа даатгуулах нь гэнэтийн эрсдэлээс сэргийлнэ
Буцах
2017 оны 09 сарын 06 өдөр

“МИК ОССК” ХХК-ийн Активын үнэлгээ, удирдлагын хэлтсийн захирал Х.Маргад-Эрдэнэтэй үл хөдлөх хөрөнгийн даатгалын талаар ярилцлаа.

-Иргэд ипотекийн зээлд холбогдох даатгалын ач тус, даатгуулснаар ямар давуу тал эдлэхээ мэдэхгүй байх нь элбэг байна. Та эхлээд даатгалуулсны гол давуу талыг танилцуулна уу?

-Нэн түрүүнд даатгал гэдгийг орон сууцны зээлтэй иргэд бусдад төлж буй төлбөр гэдэг талаас нь биш өөрсдийн ирээдүйг баталгаатай болгох үүднээс ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг мэргэжлийн байгууллагад шилжүүлж, эд хөрөнгө, ашиг сонирхлоо хамгаалж байгаа арга хэрэгсэл гэдэг талаас нь харах хэрэгтэй.

Энгийн жишээ гэвэл зээлдэгч найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахдаа даатгалын гэрээгээ байгуулан, хураамжаа төлдөг. Энэхүү хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагааг зохицуулсан журмын дагуу зээлдэгч маань өөрийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл болон худалдан авч зээлийн барьцаанд барьцаалж буй үл хөдлөх хөрөнгөө даатгуулах үүргийг хүлээдэг.

Зээлдэгчийн амь насны даатгалын талаас тайлбарлавал, ирээдүйд тохиолдох эрсдлийг бид харах боломжгүй шүү дээ. Тиймээс зэээлдэгч эрсдлийн улмаас тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алдах, бүр цаашлаад амь насаа алдсан тохиолдолд зээлээ төлөх боломжгүй болно. Энэ үед даатгагч нь тухайн зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээж байгаа хэрэг юм.

Үл хөдлөх хөрөнгийн даатгал буюу барьцаа хөрөнгийн даатгал талаас, орон сууцны зээл нь 30 жил хүртэл урт хугацаагаар олгогдож байгаа. Зээлдэгч энэ хугацааны турш зээлийг сар бүр тогтмол төлөх, барьцаа хөрөнгө нь мөн энэ хугацааны турш үнэлгээ, чанар байдлын хувьд буурахгүй байх шаардлагатай. Иймээс барьцаа хөрөнгийн эд хөрөнгийн даатгалд хамруулдаг. Тухайн үл хөдлөх хөрөнгөд ирээдүйд ямар ч эрсдэл учирч болно. Хамгийн ойрын жишээ гэвэл орон сууцанд ус алдсаны улмаас учрах хохиролыг энэ даатгалаар даатгуулах боломжтой.

-Өнөөдөр ипотекийн зээлд хамрагдсан 87 мянган өрх болон МИК-д худалдагдсан багцад хамаарах орон сууцны хэд нь даатгуулсан байгаа вэ?

-“МИК ОССК” ХХК (МИК) нь Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийн журам, зохицуулалтын дагуу шаардлага хангасан орон сууцны зээлийн хөрөнгийг худалдан авч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа. Энэхүү үйл ажиллагааг зохицуулж буй журамд зээлдэгчид тавих шалгуурт эд хөрөнгө болон амь насны даатгалд зээлийн хугацааны турш зайлшгүй хамрагдсан байх тухай заасан байдаг.

Иймд МИК даатгалд бүрэн хамрагдсан, гэрээний хугацаа нь хүчин төгөлдөр орон сууцны зээлийн хөрөнгийг худалдан авч үнэт цаасжуулах үүрэгтэй. Хэрэв зээлдэгчийн даатгал хүчин төгөлдөр бус, гэрээний хугацаа дууссан бол энэ зээл нь найман хувийн хүүтэй зээлийн шаардлагыг хангахгүй болж байна гэсэн үг.

-Ер нь орон сууцаа даатгавал жил бүр төлөх даатгалын хураамж, төлбөр нь хэд байдаг юм бэ?

-Даатгалын хураамж нь даатгагч даатгалын байгууллага болон даатгуулж байгаа зээлдэгчийн зээлийн хэмжээ, худалдан авсан орон сууцны үнэлгээнээс хамаараад харилцан адилгүй. Зээлдэгч хэдий өндөр үнэтэй орон сууц худалдаж авч, их хэмжээний зээл авна тэр хэмжээгээр даатгалын хураамжид төлөх төлбөр өндөр байна гэсэн үг.

Харин даатгагч байгууллагыг сонгохын хувьд зээлдэгч зээл олгогч банкаар дамжуулан даатгагч байгууллагаа сонгох боломжтой. Учир нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос найман хувийн зээл олгогч банкуудад даатгалын зуучлалын үйлчилгээ эрхийг олгосон байгаа.

-Үл хөдлөх хөрөнгөө даатгуулаагүй тохиолдолд ямар эрсдэл үүрэх вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд ихэвчлэн дараах төрлийн эрсдэлээс үл хөдлөх хөрөнгийг хамгаалахаар гэрээндээ тусгасан байдаг.

-Гал, түймэр, ахуйн дэлбэрэлт

-Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл

-Сантехникийн гэмтэл

-Байгалийн гамшиг

-Ахуйн эвдрэл, гэмтэл

-Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

-Хулгай, дээрэм

Тиймээс үл хөдлөх хөрөнгийн даатгал нь зээлдэгч буюу тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчийг дээрх эрсдэлүүдээс хамгаалах юм. Мөн зээлдэгч даатгуулагч нь даатгалын байгууллагатай байгуулж буй даатгалын гэрээндээ харилцан тохиролцож энд дурдагдаагүй бусад нөхцөлийг даатгуулах тохиолдол ч байдаг.

-Орон сууц зээлдэгчдэд гэнэтийн осол аваарт орж, хөдөлмөрийн чадваргүй болох тохиолдолд даатгалаас ямар эрх эдлэх боломжтой байдаг вэ?

-Хамгийн эхэнд яригдах асуулт бол гэнэтийн осолд орсон зээлдэгчийн даатгалын гэрээний хугацаа хүчин төгөлдөр байсан уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв гэрээний хугацаа дууссан бол асуудлыг шийдвэрлэх боломжгүй л дээ. Харин даатгалын гэрээ хүчин төгөлдөр байх үед энэ эрсдэл тохиолдсон бол даатгалуулагчийн хувьд банкнаас зээл олгохын өмнөх судалгаагаар тогтоосон өрхийн нийт орлогод эзлэх хувь болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас хамааран даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн олговрын хувийг тогтоож, тухайн үеийн зээлийн үлдэгдэл төлбөрөөс уг зээлдэгчид ногдох зээлийн төлбөртэй тэнцүү дүнг даатгалын компаниас нөхөн төлнө. Энэ тухай даатгалын тухай үйл ажиллагааг зохицуулсан хууль, журмуудад илүү дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг.

 

 Эх сурвалж www.itoim.mn