Mobile version coming soon
“Орон сууц ба санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлгийн нээлтийн үг
Буцах
2021 оны 11 сарын 18 өдөр

МУ-ын ЗГ-ын гишүүн,  БХБ-ын сайд Мөнхбаатар танаа,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!

Монголын ипотекийн корпорацийн 15 жилийн ойн хүрээнд хэрэжүүлж буй арга хэмжээний нэг болох “Орон сууц ба санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Банкны бусад зээлийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал ипотек нь урт хугацаатай, сар бүр тогтмол дүнгээр төлөгддөг, өрхийн орлогод нийцтэй байх өвөрмөц зээл юм. Манай улсын банкны системийн хувьд эх үүсвэрийн хугацаа богино, өртөг өндөр байдаг нь ипотекийн зээлийг банк дангаар олгоход хүртээмж бага юм.

Монгол улсад орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бий болгоход санхүүгийн салбарт үгүйлэгдэж байсан институцийг олон улсын сайн туршлага, зөвлөмжийг харгалзан Монголбанк болон арилжааны арван банк хамтран 2006 онд үүсгэн байгуулсан нь МИК билээ. Ипотекийн хоёрдогч зах зээлийн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүгийн дэд бүтцүүдийг бий болгох, компанийн засаглал, бүтэц зохион байгуулалт болон хүний нөөцийг чадавхжуулан хөгжүүлэх, бүртгэл, даатгал, багцын худалдан авалт, хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх, шинэ эх үүсвэр олон улсын зах зээлээс татах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон шинэ зүйлийг эхлүүлж, хийж, хэвшүүлж, туршлагажиж ирсэн 15 жил байлаа.

Мөнгөний зах зээл дээр бий болох зээлийн бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн болох үнэт цаас болгон хувиргах замаар орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох тогтолцоо дэлхийн хандлага болж байна.

УИХ-аас 2009 болон 2010  онд батлагдсан “ Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулиуд, тэдгээрийг дагаж гарсан журмууд бол өнөөдрийн ОССТ-ны эх суурь юм.

Эрх зүйн орчин бүрдсэнээр, бидний сайн мэдэх 8, одоо 6 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийт 100 мянга гаруй өрх айл орон сууцанд орсон байна.  МИК 4,5 их наяд төгрөгтэй тэнцэх 85 мянга орчим  ипотекийн зээлийг 26 удаагийн хэлцлээр үнэт цаасжуулж худалдан авчээ. Онцолж хэлэхэд, гэр хорооллоос орон сууцад шилжсэн нийт зээлдэгчид 36%-ийг эзэлж байна. 

Өнөөдөр МИК дотооддоо төдийгүй, олон улсад танигдсан компани боллоо. ОУ-ын хөрөнгийн зах зээлээс 2019 онд 300 сая ам доллар,  2021 онд 250 сая долларын бондыг цар тахлын хүнд цаг үед амжилттай босголоо.

Олон улсын болон Азийн хоёрдогч моргэйжийн зах зээлийн холбооны гишүүн, Малайз, Солонгос, Японы ОССК-уудтай Хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна.

Хүндэт зочид оо,

2020 оны байдлаар Монгол Улсад 908,7 мянган өрх байгаагаас 30 орчим хувь нь орон сууцанд амьдарч байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 50 орчим хувь буюу 206 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Нийт хүн амын бараг тал нь 25 хүртэлх насны иргэд, голч нас нь 28 байна.

Хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчинд иргэдээ амьдруулах нэг шийдэл нь орон сууцжуулалт гэж үзэж байна. Ковидын дараах эдийн засгийн өсөлтийг бий болгох нэг боломж нь хот суурин газруудын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн  төлөвлөгөөний бүтээн байгуулалт гэж харж байна. Энэхүү барилгын бүтээн байгуулалтыг, бодлогоор, ногоон хөгжлийн стандартын хүрээнд хэрэгжүүлэх боломж нээлттэй байна. Үүний үр дүнд ногоон орон сууцны эх үүсвэрийн өртгийг бууруулах түүнийг дахин санхүүжүүлэх боломж бий болно. 

 “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг ОССТ, түүний шийдэл хүртээмжийн асуудлаар  ярилцаж, шинэлэг санаа, боломжуудыг ярилцахаар бид цуглаад байна.

Орон сууцны хүртээмж, чанарыг цаашид сайжруулахад өнөөдрийн бидний хэлэлцүүлгээс олон үнэтэй санал гарч цаашид ажил хэрэг болгон хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн, асуудал шийдлийг хэлэлцэх төрийн түшээд, хувийн хэвшлийн төлөөлөл та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

 

МИК Холдинг ХК болон Монголын Ипотекийн Корпорацийн ОССК ХХК-ний Гүйцэтгэх захирал Б.Гантулга