Mobile version coming soon
Б.Гантулга: 'Ногоон' барилга барьснаар гаднаас хөрөнгө оруулалт татах боломжтой
Буцах
2022 оны 03 сарын 30 өдөр

Монголын эдийн засгийн форумын дэд хэлэлцүүлэг “Ногоон хөгжлийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. Энэ үеэр “Санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлтийн стратеги, бодлогыг нэвтрүүлэх боломж, сорилт, хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийг ОУ-ын санхүүгийн корпорацийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Б.Батмөнх чиглүүлэв. Панелистаар “МИК Холдинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Монголын тогтвортой санхүүгийн холбооны УЗ-ийн дарга, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като, ББСБ-уудын холбооны ерөнхийлөгч, Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул нар оролцлоо.

Б.Гантулга: Манай байгууллага хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ногоон бонд гаргах боломжтой

“МИК Холдинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Ногоон бүтээгдэхүүн гаргахын тулд барилгын материалын үйлдвэрлэлээсээ эхлэх хэрэгтэй. Үүнийгээ дагаад технологийн шинэчлэл хийх ёстой юм. Энэ шинэчлэл нь хүлэмжийн хийг хэр багасгаж байгааг хэмжиж чаддаг байх хэрэгтэй. Түүнчлэн барилгын норм, стандартын дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай. Зах зээлд оролцогч бүх талууд ямар нэгэн байдлаар ногоон шалгуур үзүүлэлтийг өөрсдийн дүрэм журам, төлөвлөгөөнд оруулснаар ногоон барилга хөгжинө. Ногоон барилгад арилжааны банкууд зээл олгоно. Ингэхдээ энэ барилга ногоон гэдгийг өөрсдөө батлах бус, хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг байх ёстой. Ингэж байж ногоон моргэйж бий болно. Ногоон орон сууц баригдсаны дараа манай компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ногоон бондыг гаргах боломжтой болох юм.

Нөгөө талдаа Улаанбаатар хотод амьдарч буй нийт өрхийн тал нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж таарна. Ингэхдээ ногоон барилга баривал ногоон санхүүжилтийн хэмжээг эрс нэмэх боломжтой. Бидний харж байгаагаар хот төлөвлөлт, шинэ суурьшлын бүтээн байгуулалтыг ногоон гэдэг шалгуураар хэмжиж, зарчмынх нь дагуу бүтээн байгуулж чадвал улсаараа дэлхийн зах зээлээс ногоон санхүүжилт татах бүрэн бололцоотой. Бид ногоон ипотекийн зээлийн хөтөлбөрийг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтраад хийж болно. Үүнд бодлогын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

О.Орхон: Манай банк 250 сая ам.доллар хүртэлх санхүүжилт татаж, төсөл хэрэгжүүлнэ

 

Монголын тогтвортой санхүүгийн холбооны УЗ-ийн дарга, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл тогтвортой санхүүгийн хүрээг баталсан. Энэ нь ногоон төсөлд ямар байдлаар зээл олгох талаар бодлогын бичиг баримт юм. Үүнийг биелүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтарсан ажил, бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа. Бид үндэстнээрээ үүнд бэлэн байж, тогтвортой санхүүжилтийн бодлого хүрээг Монгол Улсад нэвтрүүлэхэд бэлэн байх төслийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна.

Энэ хавраас эхлээд арилжааны банкуудтайгаа, цаашлаад иргэд, хувийн хэвшил, төртэйгөө хамтраад бэлэн байдлын төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэснээр бид бүх түвшиндээ санхүүжилтийг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн болох юм. Үүний дараа бид санхүүжилтээ татна. Манай байгууллага гэхэд 250 сая ам.доллар хүртэлх санхүүжилт татаж, төсөл хэрэгжүүлэх боломжтой. Ийм хэдэн ч төслийг хэрэгжүүлж болно.

Р.Мөнхтуяа: Хаан банк энэ жил 160 сая ам.долларын эх үүсвэр татах боломжтой

Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Ногоон хэрэглээний зээлд байгальд ээлтэй бүх зээл хамаардаг. Хүлэмжийн хий бууруулдаг зүйл болох хөргөгч, хөлдөөгч, цахилгаан зуух, угаалгын машины хэрэглээний зээлийг хүртэл ногоон зээл байдлаар олгох боломжтой.

Бид олон улсын зээлдүүлэгч байгууллагаас хангалттай эх үүсвэр татах боломж байна. Өнгөрсөн жил бид 140 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Энэ онд 160 сая ам.долларын эх үүсвэр татах боломжтой байна. Энэ эх үүсвэрээр ногоон зээл олгож байна. Банкууд доллараар татсан эх үүсвэрийг ААН-үүдэд төгрөгийн зээл олгож байгаа юм. Своп дээр Монголбанкнаас 0.5 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн боловч өнөөдрийн байдлаар дорвитой нөлөө үзүүлэхгүй байгаа. Свопыг аль болох түргэн хийгээд зорилтот сигментэд нь олгох зээлийг хүү багатай байлгахад хамтарч ажиллахад бэлэн байна.

ББСБ-уудын холбооны ерөнхийлөгч, Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул: Ногоон санхүүжилтэд ББСБ-уудыг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Гаднаас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэхэд банк эх үүсвэрийн хүүн дээр таван хувийн татвар төлдөг бол ББСБ 20 хувийн татвар төлдөг байх жишээтэй. Ингэхээр эх үүсвэрийн зардал өндөр болоод өртөг өндөртэй зээлийг ард иргэдэд хүргэдэг гэсэн үг. Своп хэлцэл дээр Төв банк үргэлжлүүлэн гаднаас эх үүсвэр татаж, санхүүжилт аваад байх боломжтой. Ийм дэмжлэг байгаа цагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллаж болно.

Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като: Голомт банк ногоон зээлээ усны, хог хаягдлын, хүлэмжийн хий ялгарлын зэргээр хэд хэдэн ангилсан. Усны хангамж, гачигдалтай холбоотой ямар эрсдэл гарах вэ гэдгийг мөн хамгийн их анхаарч байна. Одоогийн байдлаар бид яаж үнэлгээ хийх, яаж тооцоолох, зорилтот түвшнээ хэрхэн тодорхойлох вэ, эргэн хэрхэн тайлагнах вэ гэдэг дээр ажиллаж байна.

Эх сурвалж: www.itoim.mn