Mobile version coming soon
Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэв
Буцах
2023 оны 10 сарын 19 өдөр

Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай. АНУ-ын Карнейгийн консул 2014 онд  анх санаачлан өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монгол Улсын ууган сургуулийн нэг СЭЗИС 100 жилийн ойгоо угтан “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан, панел хэлэлцүүлэг гэх мэт ажлуудыг олон нийт дунд нээлттэй зохион байгуулж байна.

“Дэлхийн ёс зүйн өдөр”-өөр ёс зүй, ёс суртахууны ойлголтыг хувь хүний түвшнээс эхлэн байгууллага, улс орны түвшинд хүртэл авч үзэн, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” олон нийтийг хамарсан СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал,  “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал,  нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай  яриа өрнүүллээ.

Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна СЭЗИС-ийн багш оюутанд тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн ач холбогдлыг таниулах ажлуудыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд  Зорилт 2 - Өлсгөлөнг устгах, Зорилт 3 - Эрүүл мэндийг дэмжих, Зорилт 10 - Тэгш бус байдлыг бууруулах, Зорилт 12 - хариуцлагатай хэрэглээг дэмжих, Зорилт 16 -  Энх тайван, шударга ёсыг цогцлоох гэсэн тогтвортой хөгжлийн таван зорилтыг дэмжсэн дараах ажлуудыг зохион байгуулж, нийт 100 гаруй багш, ажилтан, 2000 гаруй оюутан хамрагдлаа.

Энэ жилийн Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг дэмжин, хамтран ажиллаж байгаа Монголын Ипотекийн Корпораци, ХасБанк, Сайнскор зээлийн мэдээллийн сангийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн цаашид олон байгууллага энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, байгууллагадаа ёс зүйн талаар ойлголт, соёлыг бий болгоход хүчин чармайлт гаргахыг уриалж байна.

Эсээ бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутан, суралцагчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтэн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байгаа ба ангилал тус бүрд  байрыг шалгарууллаа. Эсээ бичлэг нь тухайн сэдвээр баримт, мэдээлэл цуглуулан, хувь хүний үзэл санааг тусгасан бичвэр тул Мэргэжлийн ёс зүйн талаар ойлголтыг нэгтгэх, ач холбогдлыг ухааруулах ач холбогдолтой юм. Эсээ бичлэгийн уралдаанд илгээсэн эсээнээс шаардлага хангасан 79 эсээг шалгаруултад оруулж үнэлснээс дараах оролцогчид шалгарлаа. 

Их, дээд сургуулийн оюутан суралцагчдын ангилал:

1-р байр СЭЗИС-ийн Эрх зүй мэргэжлийн 1-р курсийн оюутан Болдбаатарын Энхжин,

2-р байр ДХИС-ийн эрх зүйн 3-р курсийн оюутан Баярбатын Дөлгөөндарь,

3-р байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Н.Амарзаяа,

тусгай байр СЭЗИС-ийн эрх зүйн 4-р курсийн оюутан Э.Ганбаяр нар,

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ангилал:

1-р байрыг Сити Фарм МЭИК ХХК-ны Сургалт, салбар хариуцсан менежер Цэрэннамжилын Оюунгэрэл,

 2-р байр Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант С.Отгондэлгэр,

3-р байр Bloomberg TV, сэтгүүлч техникч У.Түвшинбаяр  нар тус тус байр эзэллээ.

Ёс суртахуунаараа манлайлъя.

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay