Mobile version coming soon
ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ 2026 ОЛОН УЛСЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНА
Буцах
2026 оны 05 сарын 15 өдөр

“Монголын Ипотекийн Корпораци” (МИК) ХХК-ийн 20 жилийн ойн хүрээнд “Орон сууцны санхүүжилт 2026” Олон улсын форумыг Улаанбаатар хотод 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулна.

Форумаар Монгол Улсад нутагшсан орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын туршлагатай уялдуулах, олон улсын зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ боломжуудыг нээхэд чиглэх юм. Форумаар Монголын болон олон улсын экспертүүд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцэнэ. Үүнд:

  • “Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”,
  • “Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага, геополитикийн нөлөөлөл”,
  • “Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилтийн хөгжил”.

 

Тус форумд Монголын болон  Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн  улсуудын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, “HSBC”, “Deutsche Bank” зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын банк, Европын орон сууцны хуримтлалын банк, манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагууд зэрэг 10 гаруй улсын зочид, төлөөлөгчид оролцоно.

МИК нь бүс нутаг болон дэлхийн улс орнуудад ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэжлийн холбоодод гишүүн бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, туршлага солилцон ажилладаг. Түүнчлэн МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга өнгөрсөн онд тус холбооны Нарийн бичгийн даргаар 2 дох удаагаа сонгогдон, тэргүүлэн ажиллаж байна.

Мөн Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит чуулга уулзалтыг 6 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсад хүлээн авч зохион байгуулна. Тус уулзалтаар гишүүн байгууллагууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, хамтарсан төсөл хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагаа, туршлага солилцох, бүс нутгийн хоёрдогч ипотекийн зах зээлийн хөгжил, холбооны үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцэж, ирэх жилүүдийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох юм.