Mobile version coming soon
АЗИЙН ИПОТЕКИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮД МОНГОЛД ЧУУЛНА
Буцах
2026 оны 06 сарын 04 өдөр

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр болно. Тус холбооны гишүүн улс болох  Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекстан зэрэг орны 40 орчим албаны хүмүүс оролцох юм.

Өнөөдөр дэлхийн олон улс орон хотжилтын эрчимжилт, орон сууцны эрэлтийн өсөлт зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байна. Үүнийг дагаад урт хугацааны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлага улам бүр чухал болж буй. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлт зэрэг шинэ чиг хандлагууд орон сууцны санхүүжилтийн салбарт шинэ шаардлагыг бий болгож байна.

Ийм нөхцөлд нэг улсын туршлага нөгөө улсын хөгжлийг хурдасгах боломжтой болдог. Тиймээс ASMMA-ийн гол үнэ цэн нь зөвхөн мэдээлэл солилцох бус, харин гишүүн орнуудын хамтын хөгжил, мэдлэгийн солилцоо, шинэ боломжуудыг бий болгоход оршдог.

Азийн 10 улсыг эгнээндээ нэгтгээд буй тус холбоог үүсгэн байгуулахад Монголын Ипотекийн Корпораци (МИК) анхдагч гишүүдийн нэг болсон. Тус холбоог МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга 2025-2026 онд даргалан ажиллаж байна.

Анх орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын туршлага солилцох зорилготой байгуулагдсан  ASMMA нь өнөөдөр илүү өргөн хүрээтэй, стратегийн ач холбогдол бүхий бүс нутгийн хамтын ажиллагааны платформ болон хөгжжээ. Тус холбоо нь гишүүн байгууллагууд харилцан туршлага солилцох, шинэ бүтээгдэхүүн, шийдэл, бодлогын шинэчлэлийг хэлэлцэх, улмаар орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн шатанд гаргах чухал талбар болсоор байна.

ASMMA-г даргалагч орны хувьд Монгол Улс энэ онд холбооны үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүнчлэлийн хүрээг тэлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Бүс нутгийн орон сууцны санхүүжилтийн байгууллагуудыг илүү нягт хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах, хөрөнгийн зах зээл болон урт хугацааны санхүүжилтийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна.

Түүнчлэн Монголын санхүүгийн салбарын оролцогчид, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулж, дэлхийн хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлагыг хэлэлцэх зорилготой “Орон сууцны санхүүжилт” форумд гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.