Mobile version coming soon
МИК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Буцах
2026 оны 10 сарын 30 өдөр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Оюутны эрдэм шинжилгээний хурал” амжилттай боллоо. Хурлаар эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны эцсийн шатанд шалгарсан шилдэг 6 илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдэд шагнал гардууллаа.

МИК нь Монгол Улсын Их Сургууль (МУИС), Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус уралдааныг өнгөрсөн есдүгээр сард зарласан. Тус сургуулийн бакалаврын түвшний III, IV түвшний оюутнууд нийт 16 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлснээс хамгийн өндөр оноо авсан зургаан бүтээл эцсийн шатанд шалгарчээ.

Тус уралдаан нь орон сууц, ипотекийн санхүүжилт, ногоон хөгжил, санхүүгийн технологийн чиглэлээр оюутнуудын судалгаа, шинжилгээний ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэлэг санаа, практик ач холбогдол бүхий судалгааны ажлыг дэмжих зорилготой. Мөн залуу үеийн орон сууцны талаарх хүлээлт, санхүүгийн боловсрол, ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг оюутнууд өөрсдийн өнцгөөс судалж, санал, шийдлээ дэвшүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр оюутнууд залуу үеийн орон сууцны хэрэгцээ, ипотекийн зээлийн хүртээмж, ногоон санхүүжилт болон зээлжих чадварын үнэлгээтэй холбоотой судалгааны үр дүнгээ танилцууллаа. Хурлын төгсгөлд шүүгчид уралдааны дүнг танилцуулж, дараах оролцогчдод шагнал гардууллаа.

Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүн:

  • Тэргүүн байр“Санхүүгийн зан төлөв болон алтернатив өгөгдөлд суурилсан зээлжих чадварын үнэлгээ” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү хөтөлбөрийн IV түвшний оюутнууд Б.Ундармаа, Б.Номинзул,
  • Дэд байр “Ногоон ипотекийг хүртээмжтэй болгох нь: Ипотекийн хоёрдогч зах зээлд суурилсан санхүүжилтийн загвар” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү хөтөлбөрийн III түвшний оюутан А.Мичидмаа, Менежмент хөтөлбөрийн III түвшний оюутан М.Гантигмаа,
  • Гутгаар байр “Залуучуудын ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх хүндрэлийг бууруулах боломж: олон улсын туршлагын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Бизнесийн удирдлага хөтөлбөрийн IV түвшний оюутан П.Нансалмаа,

Тусгай байр

  • “Z ба Alpha үеийн орон сууцны шинэ эрэлт ба ипотекийн уян хатан санхүүжилтийн механизмын судалгаа (shared-equity / graduated payment mortgage)” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Эрх зүйн ангийн IV түвшний оюутан Д.Дэжидгарав,
  • “Залуу өрхийн ипотекийн хүртээмжид зээлийн хязгааруудын үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Санхүү, банк хөтөлбөрийн III түвшний оюутан Г.Золбаяр;
  • “Залуу үе ба ипотекийн ирээдүй: хүсэл, санхүүгийн бэлэн байдал ба орон сууцны хүртээмж” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн III түвшний оюутнууд Б.Оюунбилэг, А.Түмэнбилэг тус тус шалгарлаа.

Оюутны эрдэм шинжилгээний хурал нь залуу үеийн орон сууцны талаарх хүлээлт, санхүүгийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг оюутнуудын судалгаанд тулгуурлан хэлэлцэж, ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ санаа, шийдлийг танилцуулах боломжийг бүрдүүллээ.