Mobile version coming soon
МОНГОЛ УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Буцах
2013 оны 01 сарын 15 өдөр

1-р хэсэг Төв банкны үнэт цаас, түүний арилжаа.

Одоогийн байдлаар Монгол улсын бондын зах зээл дээр хамгийн их эрэлттэй бөгөөд арилжаа хамгийн идэвхитэй тогтмол хийгддэг үнэт цаас бол Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/ болон Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ байна. Тодорхойлолт: Төв банкны үнэт цаас гэж Монгол банкны мөнгөний бодлогын хэрэгсэл бөгөөд хямдруулсан хэлбэрээр арилжаалж, тогтоосон хугацааны дараа нэрлэсэн үнээрээ эргэн төлөгдөх үнэт цаасыг хэлнэ. /Төв банкны үнэт цаасны арилжааны журам/

ТБҮЦ одоогийн байдлаар 1 долоо хоног, 12 долоо хоног, 28 долоо хоногийн хугацаатай арилжаалагдаж байгаа бол ЗГҮЦ нь 12, 28, 52 долоо хоногийн хугацаатайгаар тус тус арилжаалагдаж байна.

ТБҮЦ-ны арилжааны журманд заасны дагуу төв банкны үнэт цаас 1 хүртэл жилийн хугацаатай байж болох бөгөөд одоогийн байдлаар хамгийн идэвхитэй арилжаалагдаж байгаа нь 1 долоо хоног, 12 долоо хоног, 28 долоо хоногийн хугацаатай үнэт цааснууд байгаа юм.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болдог. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. 2007 оны 7 дугаар сард анх зах зээл дээр нэвтэрсэн тус үнэт цаасны арилжаа долоо хоног бүрийн Лхагва гараг бүрт арилжаалагддаг. /Монголбанкны цахим хуудаснаас/

Иймээс тус үнэт цаасны хүү нь инфляцийн түвшингээс хамаарч өөрчлөгдөж байдаг.

2010 оноос 2013-р сар хүртэлх хугацааны нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны арилжааны дүнг тус хугацааны инфляцын хэмжээтэй харьцуулбал Инфляцын хөдөлгөөний чигт Төв банкны үнэт цаасны хүүгийн хэмжээ хөдөлж байгааг харж болно.

 

 

Нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны хувьд өгөөжийн муруйн өөрчлөлт ийм байгаа бол 12 долоо хоногтой ТБҮЦ-ны өгөөжийн муруй дараах байдалтай байна.

 

Уг графикаас харахад 12 долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны өгөжийн муруй 2010 оны 1-р сараас хойш ерөнхийдөө өсөх чиг хандлагатай байна. 2012 оны сүүлээр улсын хэмжээнд инфляцын түвшин харьцангуй тогтворжиж ирсэн тул уг хүүгийн түвшин нь 16.92% /2012.10.15-нд/-аас 12.94% /2013.02.04/ болж буурах хандлагатай болж ирсэн байна. 2010-аас 2013 оны 2-р сар хүртэлх хугацаанд ТБҮЦ-ны хүү хамгийн өндөр байсан хугацаа нь 2012 оны 8-р сар юм. Энэ үед 12 долоо хоногтой ТБҮЦ-ны жилийн өгөөж 17.23% хүрсэн бол 28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ 17.09% хүүтэй байжээ. 28 долоо хоногтой ТБҮЦ 2012 оны 6 болон 7-р саруудад хийгдсэн арилжаа хамгийн өндөр хүү болох 17.17%-д хүрээд байсан юм.