Mobile version coming soon
Улаанбаатар хотын гэр хорооллын ерөнхий нөхцөл байдал
Буцах
2012 оны 01 сарын 02 өдөр

Хөдөө орон нутгаас хот суурин газар уруу шилжин суурьших нь маш их байгаагаас Улаанбаатар хотын ачаалал огцом нэмэгдсэн. Шинээр ирж суурьшиж байгаа хүмүүсийн дийлэнхи нь хотын төвөөс гадагшаа тэлж буй гэр хороололд уламжлалт сууц болох “гэр” болон шавар сууцанд амьдарч байна. Улаанбаатар хотын 1 сая хүн амын 60% буюу 171 мянган өрх айл гэр хороололд амьдарч буй бөгөөд тэдгээр хүмүүс тааруухан хот төлөвлөлт болон наад захын дэд бүтэц, үйлчилгээгээр дутагдаж буйгаас хүндхэн нөхцөлд амьдарч байна.
Нийтийн ус түгээх байраас ус авах боломж хязгаарлагдмал, бэрх, цаг их авсан, заримдаа аюултай үүрэг даалгавар байдаг. Гэр хороололд усны хэрэглээ олон улсын стандартын хамгийн доод хэмжээнээс ч доогуур буюу өдөрт нэг хүн 4-10 литр ус хэрэглэдэг байна.
Ариун цэврийн байгууламж нь нэг удаагийн энгийн жорлон бөгөөд нүх нэг л дүүрвэл булж, шинэ нүхийг ухдаг. Өнөөгийн энэхүү систем нь зөвхөн хотын цэвэр ус, хөрсний эх үүсвэрийг бохирдуулаад зогсохгүй өрхийн хашааны багтаамж, дахин дахин шинэ нүх ухах боломжгүй зэргээс нөхөн сэргээгдэж чадахгүй юм. Түүнчлэн жорлонгийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй хийц нь нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.
Өрхийн түвшинд усны чанар тааруухан байгаа нь эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Тухайлбал: айл өрхүүд ундны усаа үйлдвэрийн химийн бодис хадгалах зориулалттай хуучин саванд хийх болон шанагаар ус хутгаж авах уламжлалт аргыг ашиглаж байгаа нь усыг бохирдуулж байна.
Эрүүл ахуй, ариун цэврийн тааруухан дадал, усны бага хэрэглээ хоёртой хавсарсан ариун цэврийн байгууламжийн муу нөхцөл нь гепатит А, цусан суулга зэрэг өвчний тохиолдлыг жил ирэх тусам нэмэгдүүлж нийгмийн эрүүл мэндийн байдлыг доройтуулахад хүргэж байна.
Өмнөх судалгаа гэр хороололд ариун цэврийн байгууламж, усны хангамжийг сайжруулах боломжит хувилбарууд бий гэж зөвлөж байгаа ч өргөнөөр дэлгэрүүлэхийг санал болгохоосоо өмнө хувилбаруудыг туршиж үзэх хэрэгтэй гэдгийг харуулж байна.
Аксион Контре ла Файм ТББ нь 2001 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт “Хоол тэжээл, Эрүүл мэнд болон Хүнсний аюулгүй байдал”, 2008 онд “Улаанбаатар хотын захын дүүргүүдийн Ус, Усны Эрүүл Ахуй, Ариун Цэвэр” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж 2009 оноос онд 3 жилийн хугацаатай “Улаанбаатар хотын гэр хорооллын ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж болон эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах боломжит хувилбаруудыг туршин орон нутгийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.