Mobile version coming soon
Эрсдэлийн цөм нь чанаргүй барилга
Буцах
2012 оны 01 сарын 02 өдөр

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Улаанбаатар хотод учирч болзошгүй гамшгийн эрсдэлд судалгаа хийж, эрсдэлийг бууруулах арга технологийн нэгдсэн тайлан гаргасан байна.

Уг судалгаагаар манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин сууж байна. 2000 онд нийслэлийн нэг квадрат километр нутаг дэвсгэрт 162 хүн оршин суудаг байсан бол энэ онд 247 болон нэмэгджээ.

Энэ нь хотын хүн амын нягтрал сүүлийн жилүүдэд 12 орчим хувиар өссөнийг харуулж байна. Тэр дундаа Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хүн амын нягтрал хамгийн их буюу нийслэлийн дунджаас 2.6- 25.4 дахин их байгаа ажээ.

Харин захын дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангайд хүн амын нягтрал бага байгаа аж. Гамшиг судлалын хүрээлэнгээс нийслэлийн хэмжээнд гарч буй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын гаралт, шалтгаан нөхцөлийг судлан эрсдэлийн үнэлгээ гаргасан байна.

Ингэхдээ үер, газар хөдлөлтийн эрсдэл, химийн осол, гал түймэр, цацрагийн осол, шинэ дэд хэвшлээр үүсгэгдсэн хүний томуугийн / гоц халдварт/ өвчин гэсэн зургаан төрлийг сонгон авч судалгааг хоёр жилийн хугацаанд хийжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод уруйн үер олон тохиолдож, өнгөрсөн 10 жилд гэхэд л 14 удаа аадар бороо орж үер бууснаас 15 хүн амиа алдсан байна. Нөгөө талаар хүн амын төвлөрөл нийслэлд ихсэхийн хэрээр чанарын шаардлага хангахгүй барилга олноор баригдах болсон нь газар хөдлөлтийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа аж. Сүүлийн үед чанаргүй барилгын талаар иргэд гомдол гаргах нь ч их болсон.

Тухайлбал, барилгын компаниуд чанаргүй материалаар барилга барьснаар оршин суугчид нь хананыхаа хоёр талаас хоорондоо ярилцдаг, зураг төслийн дагуу бариагүй, талбайн хэмжээ дутуу гэх мэтчилэн хэрэглэгчийн эрх ашгийг ихээр зөрчсөн үйлдэл гарсаар байна. Тэгвэл нийслэлийн нийт барилгажилтын талбайн 25 хувь нь зургаа, 52 хувь нь долоо, 23 хувь нь найман баллын газар хөдлөлтийн бүсэд хамрагдаж байгаа гэнэ.

Тиймээс 6-8 баллын хүчтэй газар хөдлөхөд л тухайн орчны иргэд амьд үлдэх баталгаагүй гэсэн үг юм. Мөн сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр нийслэлд жилд дунджаар 1400 гаруй удаагийн обьектын болон ой, хээрийн түймэр гарч, 34 хүн амь насаа алдаж, 1.19 тэрбум төгрөгийн хохирол учирсан дүн мэдээ бий. Түүнчлэн үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлын нөлөөгөөр хөрс, ус, агаар бохирлогдсоор байна. Нийслэлийн хэмжээнд 1297 үйлдвэр, аж ахуйн нэгж 7276 төрлийн 3774.8 тонн химийн бодис хэрэглэж, жил бүр агаарт 68, усанд 790, хөрсөнд 602 төрлийн 50 тонн химийн бодис, 560 тонн хатуу хог хаягдлаар ус, хөрс бохирдож байгаа нь дээрх судалгаагаар гарчээ. Судлаачид гамшгийн эрсдэлийг үнэлэхдээ дөрвөн үндсэн хэсэгт тулгуурласан гэнэ.

Энэ удаагийн хийсэн судалгаа нь хот суурин газрын гамшгийн эрсдэл, ялангуяа хүн амд учрах эрсдэлийг үнэлэх асуудлыг авч үзсэнээрээ шинэлэг аж. Мөн онол, арга зүй болоод практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил болсон гэж судлаачид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг судалгааг хийснээр Улаанбаатар хотын аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийн сантай болсон гэнэ. Харин эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Улаанбаатар хотын эрсдэлийг бууруулах зөвлөмжийг нэгтгэн гаргаж төр засаг, аж ахуйн нэгж, албан байгууллагад хүргэх ажлыг эхлүүлээд буй.

 

Эх сурвалж www.barilga.mn