Mobile version coming soon
Зургаан хувийн зээлийг арилжааны банкууд ингэж хүлээн авч байна
Буцах
2012 оны 03 сарын 27 өдөр

Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, иргэдэд зургаан хувийн зээлийг 20 жилийн хугацаатай олгох банкны нэрс эхнээсээ тодроод байгаа билээ.

Харин иргэдийн хувьд тухайн банкны тавигдах шаардлага, салбарын тоо, байршил зэргээс хамааран бусад арилжааны банкуудыг энэ хөтөлбөрт хамрагдах эсэхийг судалж байгаа билээ.

Тиймээс уншигчдын хүсэлтээр арилжааны банкууд энэхүү зээлийг олгох асуудал дээр ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Б.Мэдрээ: Одоогийн нөхцөл банкуудад ашиггүй

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал

Засгийн газраас арилжааны банкуудад тавьж байгаа шаардлага, нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага байна. Одоогийн тавьж буй нөхцлөөр банкуудад энэ хөтөлбөрийн зээлийг олгоход ямар ч ашиггүй юм билээ. Банкууд энэ асуудлыг хэд хэдэн байдлаар тооцоолж үзээд энэ нь үр дүн муутай нь харагдаж байгаа болохоор  Засгийн газраас тавьж буй нөхцлөө өөрчилнө байх. 

Л.Төр-Од: Банкуудаас авдаг татвар, шимтгэлээ багасгавал боломж байж магадгүй

Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал

Зургаан хувийн зээлийн одоогийн нөхцөл арилжааны банкуудад ямар ч ашиггүй. Гадаадаас орж ирсэн эх үүсвэр доод тал нь 7-8 хувь, манай бодлогын хүү 12-15 хувийн хүүтэй байгаа. Тэгэхээр арилжааны банкууд алдагдалтай байхаар байна. Үүнийг Засгийн газраас банкуудаас авдаг татвар, шимтгэлээ багасгах замаар зохицуулах боломж байж магадгүй гэж харж байгаа. 

Голомт банк: Сангийн яамнаас банкуудад зээлийн нөхцлөө хүргүүлээгүй байна

Иргэдэд  олгох зургаан хувийн хүүтэй зээлийн нөхцлийн саналыг Сангийн яамнаас банкуудад тавина гэсэн. Одоогоор тэр санал нь бидэнд ирээгүй байгаа учир манай банкны зүгээс уг төсөлд хамрагдана, хамрагдахгүй гэдэгт албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. 

Б.Золжаргал: Эх үүсвэрийг нь шийдсэн ч эрсдэлийг нь тооцоогүй нь банкуудад хүндрэл учруулж байна

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч

Засгийн газраас банкуудад орон сууцны зээлийн эх үүсвэрийг шийдэж өгсөн ч эрсдэлийг нь тооцоогүй. Халамжийг хавтгайруулсан энэ зээл банкуудад их эсрдэл дагуулж байгаа. Өнөөдөр 50 сая  төгрөгийн бага хүүтэй зээл авсан иргэн зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк эрсдэлийг нь хүлээнэ. Энэ эрсдэлээс банкуудыг хамгаалах орчинг бүрдүүлбэл, зээлийг банкууд олгох боломжтой. 

Хадгаламж банк: Манайх энэ зээлийн асуудлыг судалж байгаа

Манайх энэ зээлийн асуудлыг судалж байгаа. Тиймээс одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй.

 

С.Энхзаяа, Эх сурвалж www.shuud.mn