Mobile version coming soon
“100 мянган айлын хөтөлбөрт хамрагдсан байрнуудын үнэ буурах боломжтой”
Буцах
2012 оны 03 сарын 27 өдөр

Засгийн газар бага дунд орлоготой иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулахаар болсон. Тиймээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг батлаад байгаа.  Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа орон сууцнаас сонголт хийх боломжтой болсон юм. Жагсаалтад нэмж орсон 44 700 орон сууцны 50 гаруй хувь нь 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байна. Тиймээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан “Грийн ресурс констракшн” компанийн захирал Ц.Гантулгатай  ярилцлаа.

- “Green resort” хотхоны  барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ, хэзээ ашиглалтад орох вэ ?
-“Green resort” хотхоны барилгын явц 60 гаруй хувьтай байна. Гадуур байрны эрэлт ихтэй байгаа нь манай байрны захиалгаас мэдэгдэж байгаа. Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны урт хугацааны зээлийг гаргахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор байр захиалахаар хүсэлт тавьж байгаа иргэдийн тоо хэд дахин нэмэгдэж байгаа нь иргэдийн орон сууцтай болох  боломжийг дэмжсэн бодитой чухал арга хэмжээ болсон. Барилгын компаниудад ч гэсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бизнесийн олон таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Тиймээс бид 2012 ондоо багтааж эхний 264 айлын байрыг бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа.

-Бусад орон сууцтай харьцуулахад онцлог нь  юу байна?
-Бүх барилга байршил болон хэнд ямар зориулалтаар зарахаас эхлээд тухайн барьж байгуулж буй компанийнхаа бодлогоор өөрийн гэсэн онцлогтой.  Бид чанарыг хамгийн ихээр эрхэмлэхээс гадна хэд хэдэн технологийн болон зохион байгуулалтын эрс өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, барилгын хана дүүргэлт болон шал цутгахдаа хүрмэн зуурмаг ашиглаж байна. Энэ нь барилгын даацыг хөнгөвчилж өгөхөөс гадна дулаан дуу чимээ тусгаарлах үзүүлэлт нь бусад материал ашигласнаас илүү сайн болдог. Жишээ нь хөршийн телевизорын дуу дахиж сонсогдохгүй болох юм. Мөн энэхүү материал нь дээрх үзүүлэлтүүдээс гадна хортон шавьж үрждэггүй антисептик шинж чанартай гэх мэт олон давуу талыг бий болгож байна. Дээр нь хотхоны цэвэр усны төв шугамд шинэ технологийн усны шүүлтүүр байршуулж өгч байгаа. Зарим үед нийтлэг тохиолддог хэрэглээний шаардлага хангахгүй зэвтэй болон элдэв хольц хатуулагтай ус гардаг. Харин манай хотхоны оршин суугчдын  крантанд  хэзээ ч зэвтэй ус ирэхгүй гэж ойлгож болно..

-Танай орон сууцны метр квадратын үнэ хэд вэ?
-Байрнууд харьцангуй жижиг талбайтай, нэг м.кв 1.350-1.420 сая төгрөгөөр зарагдаж байна. Худалдан авч байгаа нөхцөлүүдээс хамаарч зээлийн хөнгөлөлт бий. Тухайлбал бид урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тооцож иргэдтэй гэрээ хийж байгаа ч сүүлийн үед Засгийн газраас гаргасан зээлийн нөхцөлд нийцүүлэн тодорхой шаардлага хангаж буй хүмүүстэй заавал 30 хувь гэхгүйгээр түүнээс бага хувиар харилцан тохиролцон зарим нэг гэрээг хийж байна.

-Засгийн газар дэд бүтэц болоод газрын асуудлыг шийдэж өгвөл байрныхаа үнийг буулгах уу?
-Газраа үнэлж аваад өөрсдийн оюун болон эд материалаар хөрөнгө оруулалт хийн барьж байгуулж буй барилгын үнийг тухайн өмчийн эзэд тодорхойлдог байх гэж ойлгодог. Энэ тохиолдолд байрны үнийг буулгах талаар ярих нь боломжгүй зүйл гэж бодож байна. Харин төрөөс тодорхой тогтоосон нөхцөлийн хөнгөлөлт чөлөөлөлт дэмжлэг аван тухайлбал газар болон дэд бүтцийг шийдвэрлүүлэх татвар татаасын хөнгөлөлт эдлэх зэргээр барилга барьж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй анхнаасаа зах зээлээс харьцангуй бага үнээр тохирон хямд өртөгтэй орон сууцыг  бариулах  боломжтой. Иймд зөвхөн хөтөлбөрт хамрагдан бодитой төрийн дэмжлэг авч буй барилгын компаниудын байрны үнэ буух боломжтой.

-Иргэд орон сууцныхаа сонголтыг хийж тухайн барилгын компанид урьдчилгаа 10 хувиа төлөөд гэрээ хийчихсэн байдаг. Гэтэл банкны шалгуурт тэнцээгүйн улмаас банк зээл олгоогүй гэсэн хэд хэдэн тохиолдол гарсан.  Иймэрхүү тохиолдол гарвал танай компани урьдчилгаа мөнгийг нь буцааж олгох уу?
-100 хувь мөнгийг буцаан олгоно. Ийм тохиолдол гарч байгаа тул бид тухайн гэрээ хийж буй иргэддээ мөн өөрсдийн хэмжээний тодорхой шаардлагыг тавьж байгаа.

-Урт хугацаатай, бага хүүтэй зээлээр орон байртай болсон иргэдийн хувьд нэгэн болгоомжлол байдаг. Зээлээ төлж амжаагүй байхад байгалийн аюулт үзэгдэл, газар хөдлөлт болбол яах вэ. Одоо баригдаж буй барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байж чадах вэ?
-Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход юун эд материал зээл төлөх тэр бүгд бүр юу ч биш шүү дээ. Дээд тал нь газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй байх зориулалтаар барилгын бүх зураг зурагдаж баталсан. Иймд барилгын компаниуд материалын чанар болон барилга угсралтын ажлын явцад гарах технологийн горимыг яс мөрдөх ёстой. “Барилга гэдэг бол хамгийн нямбай хүний хийх ёстой ажил” гэж Монгол Улсын барилгын зөвлөх, манай компанийн ерөнхий зөвлөх инженер Даваадорж ах байнга хэлдэгийг хамт олноороо өөр өөрсдийн хийж буй  ажлынхаа үндсэн зарчим болгохыг эрмэлздэг. Энэ нь барилга барьж байгаа тэр хадаас хадаж байгаа шавар зуурч байгаа өрлөг өрж байгаа бүх хүнд хамаатай. Ингэж чадсан тохиолдолд газар хөдлөлтийн ямар ч баллыг  даана гэж итгэж байна.

-Орон сууцны иргэдийн хувьд машины зогсоол, гараашинд давхар мөнгө төлдөг бэрхшээл байдаг. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ?
-Улаанбаатар хотод машины зогсоол ховор болчихлоо. Хуучны барилгуудын хувьд бүгд л доороо гараашгүй, гаднаа зогсоолгүй баригдсан. Айл болгоныг гарааштай байлгах зорилт тавьж байгаа.  Орон сууц худалдаж авсан тухайн айл машины зогсоолд мөнгө төлөхгүй. Харин нэг удаагийн худалдан авалтаар гараашаа авна.

-Ихэнх хүн байрны үнэ ирэх жилээс буурна. Тиймээс энэ жил байрны зээл авалгүй хүлээх үү, яах уу гэсэн эргэлзээ байна л даа?
 -Жил бүр л бараа таваарын үнэ өсч байна шүү дээ. Манай улсын хувьд барилгын материалыг бараг 100 хувь импортоор авдаг гэхэд болох бөгөөд энэ явцад олон нэмэгдэл зардал материалын үндсэн өртөг дээр нэмэгддэг. Тухайлбал, барилгын материалын хувьд валютын ханш, гаалийн татвар, тээврийн зардал, шатахууны үнэ гэх мэт. Барилгын материалын өртөг олон хүчин зүйлээс хамааралтай байгаа байдал нь зах зээлийн аливаа өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг. Үүнийг тогтолцооных нь хувьд зохицуулалт хийж шийдэхгүй бол барилгын өртөг нэмэгдсээр байна. Ойрын хугацаанд байрны үнэ буурах ямар ч нөхцөл үүсэхгүй байна. Харин үнэ өсөх олон шинэ хүчин зүйл бий болсоор байна. Улаанбаатар хотын цахилгаан, ус, дулаан, холбоо, зам гээд дэд бүтцийн хүрэлцээ, хүртээмж буурсаар байгаа нь барилга, орон сууцны нийлүүлэлтийг бууруулж үнэ өсөх хүчин зүйл болж байна. Мөн газрын олдоц буурч, үнэлгээ нэмэгдсэн, дэд бүтэц тойрсон хэт төвлөрөл бий болж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлдөг. Иймд цаг хугацаа алдалгүй эртхэн зээлээ хөөцөлдөх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Хот төлөвлөлтөд шүүмжлэх зүйл их байна. Нийслэл тэлэх биш улам хумигдаж байна. Даац хэтэрсэн мөн дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжөөгүй байхад байшин, барилга олноор баригдлаа гэдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Асуултыг сонсонгуут жижигдсэн дээлтэй, том биетэй хүн төсөөлөгдөж байна. Дээл нь энд тэндээ их гоё оруулгатэй уранхай цоорхой байхгүй хийц сайтай багадаагүй бол их аятайхан дээл. Харин жижигдсэн учир хэрж хавж оёсон утас буюу цахилгаан сан дэд бүтцийн шугамууд хэзээ мөдгүй тасрахад бэлэн язайж байгаагаар төсөөлөгдөж байна шүү. Тэгэхээр яаралтай зарим сургууль болон төр захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх замаар хотыг гадагш хангалттай тэлэх нь зүйтэй гэж боддог.

-Ахмадууд Оросуудын барьсан хуучин барилгыг сайн гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?  
-Юм үе үеэрээ өөрчлөгдөж байна. Өнөө үед шинэ технологи нэвтэрч байна.  Материалын чанар байдал ч өөрчлөгдлөө. Бид өнөөдөр дээр үеийн чанартай гэсэн байдлаар барилга барьж болно. Гэтэл загвар хийц, материалын хувьд өртөг зардал өндөртэй. Өнөөдөр барилгын материалын чанар ажиллах хүчний ур чадвар техникийн хүчин чадлаас хамааран барилгын норм дүрэм маш их өөрчлөгдөж байна. Хийц загвар зориулалт ч гэсэн өөрчлөгдөж байна.
Дээр үеийн барилга чанартай байсан гэдэгт итгэдэг. Одооны барилгууд чанартай гэдэгт ч бас итгэх хэрэгтэй шүү дээ. Энэ ойлголтод нано технологийг жишээ авъя л даа. Монголчууд бид гэрээ борооноос зузаан ногоон берзентээр л хамгаалдаг цаг саяхан байлаа гэтэл сүүлийн үеийн нимгэн өнгөө алддаггүй нимгэхэн цагаан даавуу бас ус дулаан нэвтрүүлэхээ байсан байна шүү дээ. Энэ цагаан даавуунд нэг хэсэгтээ л хүмүүс итгэхгүйтэй адилхан тийм цаг үе ирсэн. Би хувьдаа барилгын чанарын энэ шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Юм өөрчлөгдөхөөр хүмүүс дасдаггүй. Өнөөдрийн барилгуудын чанарыг цаг хугацаа л харуулна.
 


Б.Ариунтуяа, Эх сурвалж www.time.mn