Mobile version coming soon
Байрны үнийг буулгах төсөл өргөн барив
Буцах
2012 оны 04 сарын 27 өдөр

УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоолыг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн зорилгыг хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад оршино хэмээн тодорхойлсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.2-т Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулж, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулан, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн төвшний ялгааг багасгана гэсэн зорилтыг дэвшүүлсэн.

Түүнчлэн, газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн бодлого хэрэгжээгүйн улмаас дэд бүтцийн хангамж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хот орчмын экологийн доройтол бий болж, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрсэн. Орон сууцны дэд бүтцийг төлөвлөлтийн дагуу шийдвэрлээгүй нь зах зээлд орон сууц өндөр үнээр борлуулагдах үндсэн шалтгаануудын нэг болж байна.

 

Барилгын компаниуд орон сууц барих газраа өндөр үнээр худалдан авч байгаа бөгөөд уг газрыг худалдан авахад зарцуулсан зардал нь орон сууцны үнэ дээр нэмэгдэн орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа үндсэн шалтгаан болж  байна.

 

Мөн барилгын компаниуд орон сууцны барилгын инженерийн шугам, сүлжээг өөрсдийн хөрөнгөөр барьдаг бөгөөд уг шугам, сүлжээнд зарцуулсан хөрөнгөө орон сууцны үнэд нэмж борлуулдаг учир орон сууцны үнэ хэт өндөр байгаа бас нэг гол шалтгаан юм.

 

Иймд дээр дурдсан бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

 

С.Жигүүр, эх сурвалж www.shuud.mn