Mobile version coming soon
"100 мянган айл" хөтөлбөрт хамрагдсан барилгуудыг шалгана
Буцах
2012 оны 04 сарын 30 өдөр

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "100 мянган айл" орон сууц хөтөлбөрт хамрагдсан барилгуудад шалгалт хийхээр болжээ. Энэ талаар тус газрын барилгын улсын байцаагч Л.Батхүүгээс тодрууллаа.

-"100 мянган айл" орон сууц хөтөлбөрт хамрагдсан барилгуудад хэзээнээс эхэлж шалгалт хийх вэ?
-Нэгдсэн судалгаа гаргаад өнгөрсөн долоо хоногоос эхэлж шалгалт хийхээр болсон. Баянгол дүүрэгт дээрх хөтөлбөрт хамрагдсан "Тайгам-Алтай" компанийн "Алтай" хотхон, "Номин констракшн" компанийн захиалгаар барьсан "Өнөр" хороолол, "Дако" компанийн барьсан барилгуудыг хамгийн эхэнд шалгана. Шалгалтыг иж бүрэн хийнэ. Барилгын материалын, сантехникийн, ус, дулаан хангамж, эрчим хүч цахилгаан хангамжийн байцаагч нар хамтарсан шалгалтыг дүүрэг бүрт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Бид барилгын компаниудад маш хатуу шаардлага тавьж байгаа.

-Хатуу шаардлага гэдгийг тодруулж хэлээч. Барилгын компаниуд ихэвчлэн ямар зөрчлүүд гаргаж байна вэ?
-"100 мянган айл" орон сууц хөтөлбөрт анх удаа байранд орж байгаа иргэд хамрагдаж байгаа. Хүмүүсийн өмч учраас иргэд чанартай байранд л амьдрах ёстой. Барилгын компаниуд чанаргүй материалаар барилга барьж иргэдийг хохироох явдал элбэг байдаг. Улсын комисс хүлээж аваагүй байранд иргэдийг амьдруулдаг том толгойтой компанийнхан хүртэл байна. Эцэст нь иргэд хохирдог. Дээрх хөтөлбөрт хамрагдсан барилгуудыг энэ мэт зөрчил дутагдал гаргуулахгүй байхыг хичээж ажиллана.

-Нийслэлд хүүхдийн тоглоомын талбайг нурааж барилга барьж байгаад иргэд бухимдаж байгаа. Дээрх хөтөлбөрт хамрагдсан барилгууд иргэдийн эрх ашгийг хохироож барилгаа барьсан байвал ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хотод автозамын түгжрэл хэрээс хэтэрсэнийг хүн бүхэн мэднэ. Яг энэ асуудал санаа зовоож байгаа юм. Барилга барих зөвшөөрөлгүй газар барилга барьчихсан олон тохиолдол байдаг. Үүнд шат шатандаа л анхаарч ажиллах хэрэгтэй. Дан ганц манай байгууллага энэ асуудлыг шийдэх боломжгүй. Манай байгууллагаар үйлчлүүлэхээр ирсэн иргэд танай ажлын гадна автомашины зогсоол алга гэж уурладаг.

Тиймээс шинээр барьж буй барилгуудад зураг төсөл хийж байгаа хүмүүс үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Иргэдийг энэ мэтчилэн хохироож болохгүй. Харин хуучин барилгуудыг нурааж суурин дээр шинэ барилга барьж болно. Ингэвэл улс орны хөгжилд тус дэмтэй зүйл болно. Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан соёл урлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжид шалгалт хийж байгаа. Тухайлбал, Спортын төв ордоны барилгыг шалгасан. Ашиглалтын хугацаа нь дуусчихсан агааржуулалт муу, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг тоггоосон.

 


О.Бүрнээ эх сурвалж www.gogo.mn