“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргаж, Ерөнхий сайд С.Батболд эхний хүмүүст батламж гардуулж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр энэ зээл нэг л бүтэл муутайхан талдаа байна. Иргэд ч эхнээсээ уг зээлд илтгэл алдарч, гуравдугаар сард үүссэн огцом эрэлт дөрөвдүгээр сард нэлээд буурсан талаар барилгын мэргэжилтнүүд ч ярих боллоо. ОССК болон Эд хөрөнгийн бүртгэлийн газрын үүдийг сахиад ч зорилго нь бүтээгүй иргэд зургаан хувийн зээлд гоё хууртлаа хэмээн ярьцгааж байна. Тиймээс энэ зээлийн эргэн тойронд юу болоод байгааг сонирхсон юм.
Зээлд хичнээн хүн хамрагдсан бэ?
Энэ асуултад албаны хүмүүс тодорхой хариулт өгч чадахгүй байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлэнд хамрагдахаар 1000 гаруй иргэний бичиг баримтыг ОССК-аас Төрийн банкид хүргүүлжээ. Төрийн банк иргэдэд зээл олгох бэлтгэл ажлаа ерөнхийдөө дуусч байгаа гэх. Тус банк ганцхан салбараараа дамжуулж жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох гэнэ. Гэхдээ бага, дунд орлоготой иргэд нэг өрөө байр авахын тулд барьцаанд нь нэг өрөө байр тавих шаардлага тавьж байгаа юм. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд барьцаанд тавих байр байхгүй нь тодорхой. Ах дүү хамаатан садныхаа байрыг барьцаанд тавья гэхээр тэд зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тэнэг хүн биш бол хүний зээлний өмнөөс орон байраа барьцаанд тавих хүн гарахгүй шүү дээ. Энэ шалгуур жилийн зургаан хувийн хүүтэй зээлэнд хамрагдахыг хүсэгчдэд хамгийн том “шаврын хаалт” болж байгаа аж. Тиймээс иргэдийн шүүмжлэл, гомдлын дагуу зээл авч байгаа иргэний өмнөөс барилгын компани нь баталгаа гаргаж энэ асуудлыг зохицуулахаар арилжааны банкны зүгээс судалж байгаа юм байна. Түүнчлэн сарын орлого нь 790 мянган төгрөг байх ёстой хэмээн Засгийн газраас баталсан журамд заасан нь зээлэнд хамрагдах гэсэн иргэдэд нэлээд хүндхэн даваа болж байгаа гэнэ. Гэхдээ зээлд хамрагдахыг хүсэгчдэд хамгийн том бэрхшээл нь орон сууцны үнэ. Орон сууцны үнэ өнөөдөр хамгийн багадаа метр квадрат нь нэг сая 200 мянган төгрөг байгаа билээ.
Барилгынхан үнийг бууруулах уу?
Бас л хэн ч тодорхой хариулт хэлж чадахгүй байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд төрийн ордонд болсон барилгачдын зөвлөгөөний үеэр Засгийн газар байрны жишиг үнийг тогтоож, метр квадратаа нэг сая 100 мянган төгрөгөөр доошгүй үнэлж байгаа барилгын компаниудыг хөтөлбөрт хамруулна гэдгээ зарлаад буй. Гэтэл барилгын компаниуд нь энэ шийдвэрт сэтгэл дундуурхан байгаа гэнэ. Өндөр үнээр газар худалдаж авсан, өндөр үнэтэй барилгын материалаар байраа барьсан, барилгын ажилчдын өндөр хөлсөөр ажиллуулсан хэмээн барилгын компаниуд олон шалтаг тоочиж байгаа гэх. Барилгын салбарт үнийн хөөсрөл байгаа гэдгээ ч барилгынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Өнгөрсөн оноос эхлэн орон сууцны үнэ нэлээд хөөрөгдсөн, дээрээс нь жилийн зургаан хувийн хүүтэй зээл эрэлтийг улам нэмэгдүүлсэн гээд энэ салбарт байгаа үнийн хөөс инфляцид ч нөлөөлж буйг эдийн засагчид онцолдог. Барилгын үнэ өсөх болсон шалтгаан нь нийлүүлэлт. Жилдээ Монгол Улсын хэмжээнд 10-12 мянган байр ашиглалтад орж байгаа ч эрэлтийнхээ тал хувийг нь хангаж чадахгүйгээс болоод орон сууцны үнэ өссөн байна. Гэхдээ сүүлийн дөрөвдүгээр сард байрны үнэ бага зэрэг буурах хандлага ажиглагдсаныг Барилгын зөвлөгөө мэдээлийн төвийн дарга Г.Батсүх ярьсан. Энэ нь эрэлт багассантай холбоотой гэнэ. Гуравдугаар сард огцом нэмэгдсэн эрэлтээс үүдэн байрны үнэ багагүй өссөн ч дөрөвдүгээр сард эрэлт буурч байгаатай холбоотойгоор барилгынхан байрныхаа үнийг хямдруулах болсон аж.
Эрэлт яагаад буурчихав аа?
Гол шалтгаан нь өндөр үнэ. Мөн Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөс арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмсэн нь эрэлтийг багасгах болжээ. Барилгын салбарынхан өндөр үнээ эргэн харахгүй бол эрэлт улам л багасах хандлага ажиглагдаж байгаа аж. Ашгийн төлөөх хэтэрхий хөөстэй үнэ орон сууцны салбарт хямрал авчирна гэдгийг ч өнгөрсөн жилээс эдийн засагчид барилгын салбарынханд сануулсаар, анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь тэд тоогоогүй. Тэгвэл өнгөрсөн сараас эрэлт буурч, арилжааны банкуудын зээлийн хүүгийн өсөлт, инфляцийг барихын тулд цаашдаа ч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлээд байгаа Монголбанкны мэдэгдлээс харахад эрэлт улам буурч, энэ нь барилгынханд хямрал авчирч болзошгүй байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж чадаагүй барилгын компаниудад бүр ч хүндхэн цохилт ирж магадгүй шинжтэй. Хэрвээ дээрх хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Засгийн газар татварын болоод бусад хөнгөлөлт дэмжлэг үзүүлнэ гэдгээ барилгачдад тов тодорхой зарлачихсан. Тэгэхээр Засгийн газрын ивээлд орсон компаниуд хямралыг нэг их ажрахгүй давчих байх. Учир нь тэдгээр компаниуд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр иргэдэд байраа шахчих болохоор. Харин эрхбаригчдын ивээлд ороогүй компаниудын хувьд байдал эвгүйтэж магадгүйгээ эртнээс анхаарах хэрэгтэй биз ээ. Тун удахгүй тавдугаар сарын сүүлээр барилгынхан өөрсдөө байрны жишиг үнийг зарлахаа мэдэгдсэн. Энэ үнэ Засгийн газрын хүсэлт таашаалд нийцэхээсээ илүү иргэдэд баярлуулсан сайхан мэдээ болж чадаасай гэж итгэе.
Үнийг хэрхэн зохицуулах вэ?
Засгийн газар хүчээр үнийг бууруулах эрх уг нь байхгүй. Монгол Улс ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон. Хэн хэдээр байраа үнэлэх нь үнэндээ барилгын компанийн мэдэх асуудал. Гэвч зарим мэргэжилтнүүд барилгын салбарт байгаа хөөстэй үнийг тогтворжуулах, бууруулахад төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй гэдэг. Барилгын салбарын мэргэжилтнүүд ч өөрсдөө үүнийг бас дэмждэг юм билээ. Харин эдийн засагчид барилгын салбарт байгаа үнийн хөөсийг хэрхэн эдийн засгийн аргаар зохицуулж болохыг зөвлөсөн. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр зөвхөн иргэдийг биш барилгын компаниудыг, барилгын материал импортлогчдыг, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж байж л байрны үнэ буурах гэнэ. Тэгэхгүйгээр иргэдэд зориулсан нэрээр эрэлтийг нэмэгдүүлж, үнийг хөөсрүүлснээр зургаан хувийн хүүтэй зээлийн ач тусыг бага, дунд орлоготой иргэд биш барилгынхан хүртэх магадлал 99 хувьтай байна.
Ж.ЭРХЭС Эх сурвалж www.news.mn