Mobile version coming soon
Шинэ байранд орох сонирхол байна, гэвч…
Буцах
2012 оны 05 сарын 08 өдөр

Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Б.Батбаяр /Чингэлтэй дүүргийн иргэн/

Уг нь бага дунд орлоготой айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Харамсалтай нь 50 сая төгрөгийн  зээл хүссэн иргэд банкнаас тавьж буй шаардлага өндөр байна гэсэн шүүмжлэл их байна. Нөгөөтэйгүүр барилгын компаниуд хөнгөлөлттэй зээлийн сургаар  метр квадратын  үнээ үндэслэлгүй нэмж байгаа юм шиг харагдлаа. Сонин телевизээр гарч буй мэдээллээс харахад иргэдэд их л хүндрэлтэй байна уу гэж харагдаж байна лээ.

Ж.Батмөнх / Чингэлтэй дүүргийн иргэн/

Хоёр өрөө байрны зориулалтай  байрыг тусгаарлаж стандарт, чанарын шаардлага хангахгүй барилга барьж байгаа гэсэн.  Орон сууцны зээлийг сонирхож байна. Хэрэгжих боломжтой гэж найдаж байна. Бага дунд орлоготой айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь зөв. Дэмжиж байна.

Б.Мөнх-Эрдэнэ /Баянгол дүүргийн иргэн/

Боломжгүй юм биш үү. Өндөр шаардлага тавьж байна. Гэр бүлээрээ 700 мянган төгрөгийн өрхийн орлоготой байх шаардлага тавьж байна. Гэтэл шинээр гэрлэсэн гэр бүлийн хувьд  өрхийн сарын орлого нь 700 мянгад хүрэхгүй тохиолдол олон. Нэг гэр бүлийн хоёр  ажилтай байна гэдэг худлаа. Нэг нь оюутан, эсвэл хүүхдээ асардаг байж болно шүү дээ.

Ж.Баянхүү / Сүхбаатар аймгийн харьяат/

Засгийн газраас  79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга орчим  болгосноор иргэд байраа сонгох боломж гарч байгаа гэсэн. Бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу бол 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц  сонгох боломжтой  юм билээ. Жилийн 6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг орон сууцтай болгох энэ хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ гэж сонссон.  Уг нь их боломжийн хөтөлбөр юм уу гэж харсан л даа. Гэхдээ өрхийн орлого 700 мянга гэж босго тогтоож өгсөн нь шаардлага өндөр санагдсан.  Сарын орлогоосоо байрныхаа зээлд  350 орчим төллөө гэж бодоход цаашаа идэж уух өмсөх зүүхээ яах вэ гэдэг асуудал яригдана.

Х. Нарангарав / Баянзүрх дүүрэг/

Барилгын компани эрх баригчдын дундах хуйвалдаан шүү дээ. Олон жилээр ард түмнийг өрөнд оруулах гэсэн бодлого. Барилгын компаниуд метр квдратынхаа үнийг нэмж байгаа хэрэг. Энийг би хэлсэн хэлээгүй та нар мэдэж байгаа биздээ. Ойлгомжтой асуудал. Хэдэн олигархиудын хийж байгаа ажил. Хуульзүй, дотоод хэргийн сайдын өгсөн мэдээллээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилгыг барихад метр квдратыг нь 250 мянган төгрөгөөр барьсан гэж байна лээ. Тийм боломжтой байхад хувийн компаниуд зориудаар барилгын үнэ хөөрөгдөж байгаа нь ард түмний нүдэн дээр илт. Орон сууцны зээл олгох нэрээр метр квдратыг нь  1.5-1.8 сая төгрөгөөр  иргэддээ шахаж  байгаа нь насан  туршид нь боолчлох гэсэн оролдлого. Өмнө нь бол барилгын стандарт шаардлага хангасан байх гэдэг маш чухал асуудал байсан шүү дээ. Манайд  шаардлага хангасан барилга баригдаж байна уу. Үгүй шүү дээ. Хятадууд нүд хуурсан барилга барьж байгаа. Хүн бүр мэдэх байх.

Х.Долгор / Баянзүрх/

Зургаан хувийн хүүтэй  орон сууц авч буй хүмүүсийн хувьд  нэг хүндрэл байна. Урьдчилгаа мөнгө төлөх төрийн албан хаагч байхгүй. Зээлд хамрагдаж буй орон сууц 1.2-1.3 мянга байлаа гэж бодьё. Бодит байдал дээр 750-800 мянган төгрөгөөр  үнэлж байгаа аж ахуйн нэгж барилгын компани алга. Манай гэр бүл найман хувийн хүүтэй төрийн албаны зээлд хамрагдсан хүн л дээ. Зургаан хувийн хүүтэй зээлийг 10 сая төгрөг төлж байж авна.  Тэгэхээр бүтэл муутай зээл. Боломж багатай гэж бодож байна

Д.Дулмаа /Сонгинохайрхан дүүргийн иргэн/

Судалж үзсэн. Шинэ байранд орох сонирхол байна. Гэвч зээл авч сураагүй болохоор их хэмжээний зээл авахаас айдастай байна л даа. Урьдчилгаа төлбөр хүндрэлтэй байна. Өрхийн орлого 800 мянга байвал хүндрэлтэй.  400-500 мянган төгрөг байвал боломжтой юм шиг санагдсан. Уг нь байртай болох сонирхол байна. Ам бүл 6. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүүхдүүд дөнгөж сургуулиа төгсөөд ажил хийж эхэлж байна.

 

Н.Бүжин, Н.Ариунаа Эх сурвалж www.shuud.mn