Mobile version coming soon
Ирэх онд гэр хорооллын 160 мянган айлыг инженерийн шугамд холбоно
Буцах
2012 оны 08 сарын 06 өдөр

НИТХ-ын чуулган өнөөдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүний дунд Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 97.6 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр Э.Бат-Үүл хотын дарга болоход нэг алхам ойртлоо. Түүний нэрийг 41 төлөөлөгчийн 40 нь дэмжив. Улмаар хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулах юм. Хурлын үеэр сэтгүүлчид түүнээс доорх асуултад хариулт авлаа.

-Та хотын захирагч болоход нэг алхам ойртлоо. Хамгийн түрүүнд хийх ажил юу байх вэ?
-Мэдээж хэрэг Улаанбаатар хотод ирэх дөрвөн жилд  хийх ажлынхаа хөтөлбөрийг удахгүй НИТХ-аар батлуулна. Хамгийн эхний зорьж хийх ажил бол авлигалгүй Улаанбаатар хот бий болгох асуудлыг богино хугацаанд шийдвэрлэнэ гэсэн бодолтой байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйл ажиллагаа доголдож доройтсоны үндсэн шалтгаан нь хотын үйл ажиллагаа нээлттэй бус, авлигалд идэгдсэн явдал байсан. Тиймээс нийслэлийн захиргааны үйл ажиллагааг тунгалаг, хүнд сурталгүй болгоно.

-Утаа, зам харилцааны асуудлаар хэрхэн ажиллах вэ?
-Бид мөрийн хөтөлбөртөө энэ талаар нэлээд судалгаатай оруулсан. Тиймээс мөрийн хөтөлбөрөө батлуулж тухай бүрт нь ханцуй шамлан орно. Мэдээж энэ дунд зам, бүтээн босголтын ажлыг тендерээр хийж байгаа компаниудын бүх танилцуулгыг нийтэд ил болгох гэх мэтчилэн шуурхай хийж гүйцэтгэх ажил байна.

-Газрын наймаа, хууль бус газар олголттой хэрхэн тэмцэх вэ?
-Олон асуудал бий. Жишээ нь орон сууцны хороолол дунд олгогдсон газрууд үндсэндээ хууль бус байна. Яагаад гэхээр Барилга хот байгуулалт, орон сууцны тухай хуулиуд дээр оршин суугчдаас эхэлж зөвшөөрөл авдаг гэж заасан. Гэтэл одоо оршин суугч нараас зөвшөөрөл аваагүй дарга нар шийдсэн газар олголт бол хууль бус. Тиймээс үүнийг зогсооно.

-Таны мөрийн хөтөлбөрийн гол хэсэг болох гэр хорооллыг амины орон сууцны бүс болгох, инженерийн шугамд холбох асуудалд их хэмжээний хөрөнгө шаардлагатай гэсэн. Үүнийг яаж шийдэх вэ?
-УИХ-ын хэсэг гишүүн Уул уурхайн баялгаас зорилтот татвар авах тухай хууль өргөн барьж, татварын төрөл ногдуулж байгаа. Өөрөөр хэлбэл уул уурхайн баялаг хил дамнаад экспортоор гарах үед үүнээс тодорхой хэмжээний татвар авч байх юм. Энэ орлого гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгоход хангалттай. Одоо ганцхан энэ хөрөнгө орж ирэх, дээр нь оршин суугчид өөрсдөө хотын дахин төлөвлөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй. Бидний тооцсоноор үүнд 400 тэрбум төгрөг шаардлагатай.

-Гэр хорооллын айлууд энэ талаар төсөөллөөс өөр зүйлгүй байгаа.
-Би Засаг даргаар томилогдсоныхоо дараа гэр хорооллоор явна. Ингэж гэр хорооллыг амины орон сууцны төлөвлөлтөө хэрхэн хийх талаар ярилцаж, санал бодлоо хэлнэ. Улмаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгө оруулалтаа шийднэ. Бидний төлөвлөж буйгаар ирэх онд эхний ээлжинд 160 мянган айлыг тохилог амины орон сууцтай болгоно.

-Инженерийн шугамыг нь ойртуулаад өгөхөд айлууд өөрсдөө шийдчихнэ гэж байгаа. Гэтэл гэр хороололд амьдардаг өрх бүрт санхүүгийн боломж хангалттай бий билүү?
-Бид санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг олон талаар ярилцаж байгаа. Инженерийн шугам, тохижилт гээд бага мөнгө орох ажил биш нь ойлгомжтой. Тиймээс л дэмжлэг үзүүлэх хэлбэрээ зөв сонгох  хэрэгтэй байна. Иргэншсэн хотуудад бидэнтэй адил бэрхшээл тулгарч байсан түүх бий шүү дээ. Юун түрүүнд бид утааны голомт болчихоод байгаа хэсгүүд рүү энэ ажлаа хөтөлж өгөх шаардлагатай юм. 

-Эрчим хүчний эх үүсвэр хангалтгүй юу?
-Үнэндээ нийтийн төвлөрсөн гэхээс илүү дулааны болон бохирын бага оврын станцууд хэрэгтэй. Жишээ нь 20 мянган айлыг холбох бага оврын дулааны станц байна. Тийм бага оврын станц бий болгоход 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. Хамгийн гол нь ийм бага мөнгөөр бид 20 мянган айлыг шугамд холбож болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эхний ээлжинд хэсэгчилж холбох ажлыг яаравчилж хийгээд улмаар шинэ эх үүсвэртэйгээ холбоно.

-100 мянган айлын орон сууцыг барьж байгуулах, зээлээр олгох асуудал хэрхэх бол?
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг бид гол замуудын дагуу бүтээн байгуулна. Жишээ нь 7 буудлын гол зам байлаа гэхэд зам дагуу барилгуудаа барьж, тухайн барилга нь нийгмийн болон худалдаа үйлчилгээний бүхий л амьжиргааны төвлөрөл болохоор төлөвлөнө. Харин одоо байгаа 100 мянган айлын орон сууц болохоор зүгээр л айлын газрыг хурааж аваад хийгээд байгаа юм.

-Хотын даргаа сонгох гэж ингэж удах зуур өвөлжилтийн тухай ярих цаг хаяанд иржээ. Таны хувьд албан ёсоор ажлаа хүлээж авах хүртлээ мөрийн хөтөлбөрөө ч батлуулж чадахгүй байна.
-Тэгэлгүй яахав би ч бас ажлаа хиймээр байна. Хамгийн эхэнд энэ зам, нийтийн тээврийг сайжруулах ажлыг хийх хэрэгтэй байна. Мөн инженерийн шугамыг тавьж эхлэх ажлаа өвлөөс урьтаж бага багаар ч болтугай амжуулмаар байна шүү дээ.

-Энэ зуны цаг агаар манай автозамуудын чанарыг шалгалаа. Энэ талаар?
-Зам тавьж байгаа компаниудад шалгалт явуулах хэрэгтэй. Ер нь өнөө маргаашгүй хийх хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалт, хөдөлмөр орсон замууд чанараар ялгарч байна. Үндэсний компаниуд чанаргүй зам бариад байвал гадны компанийг оруулах алхам хийх үү?
-Замын ажлыг манай үндэсний компаниуд чанартай хийх хэрэгтэй гэдгийг хэлэхгүй хүн алга. Үнэхээр ч замын чанарт шалгалт, хариуцлага хоёрыг бий болгож чадвал үндэсний компаниуд бахь байдгаараа байвал гадаадын сайн компанид хандахаас өөр аргагүй болно. Үндэсний компаниудыг битгий ийм алхам хийхэд хүргээсэй л гэж хүсэх байна.

 


Т.Бэх

Эх сурвалж www.time.mn