Mobile version coming soon
Б.Уянга: Гэр хорооллын 800 мянган өрхийг зургаан жилийн дотор дэд бүтцэд холбоно
Буцах
2013 оны 01 сарын 05 өдөр

Б.Уянга: Гэр хорооллын 800 мянган өрхийг зургаан жилийн дотор дэд бүтцэд холбоно

Метрополис гэдэг нэр зүүх хэмжээний хүн амтай хэрнээ түүнийх нь тэн хагас нь нүүрс түлж, модон жорлонд бие засаж, үнс, угаадсаа гудамжинд асгаж буй улс орон энэ зуунд Монголоос өөр хаана ч байхгүй. Тиймээс ч Улаанбаатар хотыг дахин төлөвлөх хэрэгцээ шаардлага өнөөдөр нийслэлийн хамгийн том асуудал болоод буй.

Яг энэ чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулж, өнөөдрийг хүртэл Өмнөд Африкийн томоохон хотуудыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг гүйцэтгэж байгаа Австралийн “Wave international” компанийн Монгол дахь салбар компанийн захирал Д.Ачит-Эрдэнэ Улаанбаатар хотыг дахин төлөвлөх ямар боломж байгааг өчигдөр нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газрынханд танилцуулав.

Тэдний үзэж байгаагаар нийслэлийн гэр хороололд амьдарч буй 800.000 өрхийг дэд бүтцэд бүрэн холбоход ердөө зургаан жил, хоёр тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Тус компанийн Монгол дахь төлөөлөгч Б.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнөд Африкийн туршлагыг Монголд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх ямар үндэслэл байна вэ?
-ӨАБНУ-д хотыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг манай компани 1994 оноос хойш хэрэгжүүлээд явж байна. Тус улс нийгмийнхээ тодорхой хэсгийг дэд бүтэцгүй олон жил амьдруулж байгаад манай төслийг хэрэгжүүлсэн. Тус улс саяхнаас ардчилсан орон болсон, дотроо олон омог, отогтой учраас иргэдийн саналыг авч, тэдэнтэй учраа олох гэж нэлээд хугацаа зарцуулсан.

Манай компанийн захирал, барилгын инженерийн салбарынхан гээд гол хүмүүс нь Өмнөд Африк дахь төсөлд гар бие оролцож, төслийг өөрсдөө зохиосон 30-40 жилийн туршлагатай хүмүүс байгаа. Сүүлийн 100 жилд хотын дахин төлөвлөлт хийсэн орон цөөхөн. Өндөр хөгжилтэй орнууд ойролцоогоор 100-200 жилийн өмнө төлөвлөлтөө хийчихсэн учраас яг энэ тал дээр манай компани маш туршлагатай.

-Танай үзэж байгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтцэд бүрэн холбож, иргэд үр дүнг нь үзэхэд хэдий хэмжээний хугацаа, хөрөнгө шаардагдах вэ?
-Өмнөд Африкт энэ төслийг 1994 оноос хэрэгжүүлснээс хойш гурван сая гаруй орон сууцыг барилгажуулж, 13 сая хүн амыг тохилог орон сууцаар хангачихаад байгаа. Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 800.000 өрхийг зургаан жилийн дотор дэд бүтцэд бүрэн холбох боломжтой. Үүнд 1.5-2 тэрбум ам.доллар шаардлагатай. Хэрэв эрхийг нь мэргэжлийн, хүмүүст өгчихвөл төлөвлөлтийг зургаан сарын дотор гаргаж, зургаан жилийн дотор гүйцэтгэх боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байгаа.

-Айлуудын газрыг худалдан аваад орон сууц барина гэсэн үг үү, эсвэл дэд бүтцийг айл бүрт нь холбож өгөх юм уу?
-Айлуудын газрыг авч, нүүлгэх шаарддагагүй. Зайлшгүй шаардлагатай шугам тавих газарт байршилтай айлуудыг нь шилжүүлнэ. Хотын даргын гол хүсэл нь нийслэлийн гэр хорооллыг таун хаус болгох гэж бид ойлгосон. Тиймээс айл бүрт дэд бүтцэд холбогдох боломжийг бүрдүүлнэ. Манай захирлууд өөрсдөө Монголд ирж, гэр хорооллоор явж танилцсан. Өмнөд Африкийг бодоход нийслэлчүүдэд илүү их боломж байна хэмээн тэд үзэж байгаа. Гудамжны зохион байгуулалт сайтай юм байна гэж байсан.

-Цахилгаан эрчим хүчнээс эхлээд ус, дулааны эх үүсвэр хүрэлцээгүй байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа бол?
-Эх үүсвэр хүрэхгүй гэсэн яриа их байгаа. Мэдээж мэргэжлийн түвшинд том судалгаа, төлөвлөлт гаргаад ирэхээр түүний дагуу яаж эх үүсвэрээ хангах вэ гэдэг тодорхой болно. Санхүүгийн талаар бид сая илтгэл дээрээ тавьсан. Эрсдлийг багасгасан сайн төлөвлөлт, судалгаа хийчихсэн тохиолдолд олон улсын санхүүгийн байгууллагынхан дуртайяа тусалж, хөрөнгө оруулахад бүрэн чөлөөтэй болно. Хамгийн гол нь нэгдсэн сайн судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа хангалттай хийсэн байхад л болно.


 

Р.Оюунцэцэг

Эх сурвалж www.gogo.mn