Mobile version coming soon
Ипотекийн зээл үргэлжлэх эрх зүйн орчин бүрдлээ
Буцах
2016 оны 01 сарын 19 өдөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдан оролцсон гишүүдийн 86.5 хувийн саналаар баталлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн юм.

Хуулийн төслүүд батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн найдвартай явах буюу олгосон зээлүүд эргэн төлөгдөхгүй байх, эрсдэлд орох бодит нөхцөл байдал үгүй болж байгаа аж. Түүнчлэн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байж эдийн засгийн эргэлт сайжирч, ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж төлөх төлбөрийн хэмжээ хэвийн үргэлжлэхээр болж байна.

Банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явахаас гадна банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий болсон төдийгүй цаашид зээл гацаж болохгүйг УИХ-ын дарга З.Энхболд онцолжээ.

 

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn Сэтгүүлч Г.Түшээ