Mobile version coming soon
Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас гаргах зөвшөөрөл олголоо
Буцах
2017 оны 09 сарын 29 өдөр

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу “МИК актив арван гурав” ХХК-д ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 30 хүртэл жилийн хугацаатай, 1,902,864 ширхэг, нийт 190.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий баталгаат үнэт цаасыг бүртгэлээ.

Бүртгэгдсэн үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад захиалгын дагуу худалдахыг “МИК актив арван гурав” ХХК-д зөвшөөрч, зээлийн багц дахь мэдээллийн үнэн зөв, эрсдэлгүй байдлыг хангах, ипотекийн зээлийн болон хариуцлагын даатгалд хамруулах, багц дахь хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд бүртгүүлэх гэх мэтээр хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тогтмол Хороонд тайлагнаж ажиллахыг “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “МИК актив арван гурав” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Оюунгэрэл нарт үүрэг болгов.

Мөн тогтоолоор, “МИК актив арван гурав” ХХК-д орон сууцны зээл багцлан худалдаж буй анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкууд болон үйлчилгээ үзүүлэгч банкуудад тогтмол хяналт тавьж, тайлан мэдээ ирүүлж байхыг Монголбанкинд зөвлөлөө.

Эх сурвалж: http://www.frc.mn/news/1825